Saturday, January 3, 2009


Нярайн онцлог


Саяхан төрсөн болон удахгүй амаржих гэж буй ээжүүдийнхээ мэдлэгт нь нэмэр болох зүйлсийг доор бичлээ. Бяцхан хүүхдийнхээ өхөөрдөм хөөрхөнийг харж суухад цаг хугацаа хурдан өнгөрдөг ч хүүхдээ зөв асарч сувилах нь их чухал шүү! Өөрөөр хэлбэл аав ээж байхад бид үргэлж суралцдаг гэхэд болно. Ингэхдээ ам дамжсан яриа, шинжлэх ухааны үндэслэлгүй заавар зөвөлгөөнөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Алив юмыг туршиж хэрэглэх нь лав бидний хүүхдэд дээр биш шүү...
Бүх зүйл та болон таны нөхөрт шинэхэн тул сандрах, барьц алдах үе бий. Гэвч таны хүүхэддээ зориулсан хайр халамж чинь олон зүйлийн хариулт болдог гэдгийг санан тайван байгаарай .

"Нярайн онцлог" гэж ярьж бичдэг нь их учиртай. Учир нь миний дурдах гэж доорхи шинж тэмдгүүд нь хэвийн бөгөөд төд удалгүй эргэж хэлбэр дүрс ,байрандаа ордог зүйлс тул айж эмээх хэрэггүй, ямар нэг онцгой эмчилгээ ч шаардлаггүй гэдгийг хэлмээр байна.
  • Харагдах байдал: Дөнгөж төрсөн нярай үрчгэр, хөгшин хүн шиг царайтай харагдах нь элбэг. Шинэхэн эцэг эх үүнд жаахан цочирддог шүү(магадгүй тэдний үзэж харсан хүүхдүүд ихэвчлэн нярайн үеэсээ өнгөрсөн байдаг байх)


Яагаад:
Эхийн хэвлий дэхь хүүхэд нь ерөнхийдөө усан дотор амьдарч байсан тул ингэж харагдах тал бий. Төрсний дараа удалгүй хүүхэд жин нэмснээр арьс тэнийн өдөр ирэх тутам царай орон таны хайрыг булаах нь гарцаагүй.

  • Нярайн арьс хууларч унах үзэгдэл. Хуурайшснаас үүдэн хагарч унаж байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ тийм биш.


Яагаад: Энэ нь зөвхөн хүүхдийн гадна давхаргын арьс л гуужиж байгаа гэж ойлгон санаа зовох мөн элдэв янзын тос түрхэх, хүчээр хуулахгүй байхыг зөвлөе!


  • Цагаан тос: Нярайн биеийн гадаргууг цагаан тос шиг зүйл(vernix caseosa) хучсан байх тохиолдол бий. Ялангуяа суга, цавь гэх мэт нугалаа ихтэй хэсгээр үзэгдэнэ. Заримдаа биеийн бүх хэсгээр эсвэл ганц нүүрэнд харагддаг. Миний том охин төрөхдөө дух, нүүр хэсгээр нь гуриланд дүрчихсэн юм шиг гарч ирсэнд тухайн үедээ нөхөр бид 2 их гайхаад өнгөрч байж билээ :)


Яагаад:
Дээр дурдсаны дагуу эхийн хэвлийд бойжиж буй хүүхэд усан дунд байдаг тул энэхүү цагаан тос нь түүний арьсыг дэвтэж зөөлрөхөөс хамгаалсан зүйл юм. Судлаачид үзэхдээ нярайн биеийг бүрхсэн тос нь маш их тэжээллэг ба арьсанд чийглэгийг өгөх чадвараараа ямар ч тостой зүйрлэх аргагүй гэжээ. Тиймээс үүнийг угааж арилгахын оронд зөөлөн массажлан хүүхдийнхээ биенд шингээн үлдээх нь хамгийн ухаалаг арга юм. Хүчтэй үрж арилгаж болох авч энэ нь нярайн эмзэг арьсыг гэмтээж улмаар түүгээр дамжин халдвар орох боломжийг нэмэгдүүлдэг.




  • Үсэрхэг байдал: Нүүр, мөр, нуруу хэсгээр зөөлөн хонгор үсээр элбэг. Энэ нь аяандаа гуужин унаж алга болно. Заримдаа 7-8 сар хүрч байж бүрмөсөн гууждаг тал бий.

  • Толгойн хэв алдагдах: Жам ёсны төрөлт буюу өөрөөрөө төрсөн нярайн толгой төрөх сувгийн хэлбэр, даралтын улмаас хэлбэрээ алдах(өндгөн, шоовон хэлбэрт орох)


Яагаад: 1.Нярайн толгой яс бүрэн ясжаагүй
2. Толгойн яс нь үргэлжилсэн нэг биш харин хэд хэдэн хэсэгүүдээс бүрдэх ба тэдгээр нь хоорондоо зөөлөн ясаар холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тэр хэсгүүдээрээ бүрэн нийлж амжаагүй байдаг нь төрөх үедээ толгойн хэлбэр өөрчлөгдөхөд хүргэдэг. Үүнд бидний сайн мэдэх -Зулайн хэсэг(18 сартайд битүүрнэ), мөн дагзанд байрлах арай жижиг битүүрээгүй хэсэг(6 долоо хоногтойд). Төрснөөс хойш 2-3 хоногийн дараа гэхэд толгойн хэлбэр эргэж хэвийн хэлбэртээ орох тул санаа зовох хэрэггүй.


  • Хүй цөглөх: Ямар нэг тусгай угаалга, арчилгаа шаардлагагүй. Доорхи зураг бол яг хүйг тасалсаны дараах үеийг харуулсан байна. Ерөнхийдөө 7 хоногийн дотор хүй цөглөж (хатаж)унадаг.


Харин хүйнээс эвгүй үнэр, идээтэй зүйл гарах, тэр хэсэгтээ улайж хавагнавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Ихэнх ээжүүд хүйг цөглөтөл усанд оруулдаггүй ч өдөр бүр цэвэр усанд хүүхдээ булхаж байх нь хүйнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.


Бага зэргийн шүүс гарах нь ердийн ба тэр хэсгийг эвтэйхэн цэвэр усаар арчихад хангалттай. Хүйг бүрэн гүйцэд эдгээгүй байхад татах, авах гэж оролдох хэрэггүй. Өөрөө аяндаа хатаж унахыг нь хүлээ. 9 сарын турш эх үр 2-г холбож байсан зүйл нь яах аргагүй хүй мөн тул зарим ээжүүд энэ хатаж унасан хэсгийг дурсгал болгон хадгалж авч үлддэг.



Нуралт: Нярайн арьс маш эмзэг тул гадны нөлөө болох бохирлогдсон даавуу, живхэнд(pampers) удаан байх, наранд хэт шарах, хурц үнэртэй хүчтэй угаалгын нунтагаар даавууг нь угаах гэх мэтэд өртөн гэмтдэг. Тэр байтугай шинэхэн худалдан авсан хувцаснаас (ярлык нь хүүхдийн хүзүүг маш ихээр холгодог тул хуулж авах, шинэ хувцасыг өмсүүлэхээс өмнө угаасан байх хэрэгтэй) нь хүртэл арьс нь гэмтэж болно.Товчхондоо Нуралт бол арьсны хөнгөн гэмтэл тул таны хүүхэд шалтгаангүйгээр зовиурлан уйлахад түүний суга, хүзүү, цавийг шалган үзэхэд илүүдэхгүй.



Яагаад:
Биеийн нугалаа ихтэй буюу дээр дурдсан хэсгүүд нь үргэлж нар, салхи, агаараас хол байдаг тул нурах нь элбэг. Энэ үед янз бүрийн тос, тальки бараг тус болохгүй харин хэсэг хугацаанд хүүхдээ өлгий, живхнээс нь задлан нар, салхи, агаарт байлгахад л маш хурдан эдгэдэг болохыг 2 хүүхдээ өсгөж байхдаа би анзаарч мэдсэн юм . Энэ таньд ч гэсэн тус болох байх.


  • Бэлэг эрхтний өөрчлөлт: Нярайн эрхтэн нь хөөж хавагнасан байдалтай байх ба нилээн том харагдана. Аяандаа илүүдэл хаван шимэгдэж хэвийн хэмжээндээ очно. Хүү, охин гэлтгүй мээм нь овойж бага зэрэг сүү орсон байдаг. Харин түүнийг дураараа шахаж оролдох, саах зэргээс болж халдвар орох боломжыг нэмэгдүүлэн үрэвсүүлэх аюултайг залуу ээжүүд төдийлөн мэддэггүй.


Яагаад: Эдгээр шинж тэмтгүүдийг "Бэлгийн хөөрөл" гэж нэрлэх ба зарим ховор тохиолдолд охин хүүхдийн бэлэг эрхтэнээс үл ялиг цус гардаг нь төрөх үед ээжийн биенд гардаг Гормоны өөрчлөлттэй холбоотой юм.

  • Зунгаг: Энэ бол нярайн хамгийн анхны баас ба хар ногоон өнгийн байдаг нь залуу ээжүүдийг гайхаж эргэлзүүлэх нь олонтоо. Хөхний сүүгээ ууж эхэлсний дараагаар энэхүү хар ногоон өнгө нь шаргал болон солигдож хэвийн байдалд ордог. Иймээс аль болох эртхэн амлуулах нь сайн.


Яагаад: Зунгаг нь бүр эхийн хэвлийд байх үеэс буюу 16 дахь неделиэс урагийн хоол боловсруулах замд үүссэн бөгөөд зөвхөн төрсний дараа (ховорхон тохиолдолд яг төрөхийн өмнө, эсвэл төрөх үеэр) хүүхдээс гадагшилна. Ус нь ногоон өнгөтэй, үнэртэй гарлаа гэж ярихыг та сонссон байх. Тэгвэл энэ тохиолдолд эмч нар хүүхэд баасаа залгисан байх вий хэмээн болгоомжилж антибиотек өгдөг.

  • Нүдэнд улаан судал харагдах: Жам ёсны төрөлт буюу өөрөөрөө төрөх үед тохиолдоно. 10 хоногийн дараа арилах ба энэ нь хожмоо хүүхдийн хараанд өөрчлөлт болон гажигийг авчирахгүй хэвийн үзэгдэл.
Яагаад: Төрөх замаар хүүхэд нилээдгүй даралтаар гарч ирж байгаа тул нүдний цагаан хэсэгт байх жижиг хялгасан судсууд хагарснаас нүд нь улайж харагддаг.

  • Тэгш биш хөл: Нярайн хөл нь ерөнхийдөө өвдгөөрөө нугарсан байдалтай байна. Энэ нь маажиг хөлтэй болно гэсэн үг биш бөгөөд хүүхдийн булчин хөгжих тутам тэгширч тэнийдэг. Хөлийг нь албаар тэнийлгэх, чанга барьж өлгийдөх нь тэгшлэх бус харин эсрэгээрээ хөгжиж амжаагүй хөлний түнхийг нь мултлах аюултай.
Яагаад: Жирэмсний сүүлийн саруудад ураг хурдан томорч умайд хангалттай зай байхгүй болсноос хүүхдийн хөл нугаларч, атийсан байдалд ордог. Энэ үедээ яс нь бүрэн ясжаагүй(уян хатан) учир өөрт нь ямар нэг зовиур байхгүй гэж ойлгож болно.

  • Зогисох болон найтаах: Oйр ойрхон найтаах бас зогисох үед нь санаа зовох хэрэггүй. Цээжний хөндийг хэвлийн хөндийнөөс тусгаарлаж байдаг булчинлаг өрц нь сайн хөгжөөгүй тул зогисох тал бий. Гэхдээ яг юунаас болж зогисоод байгаа нь одоо хүртэл тодорхой биш байдаг юм билээ. Зогисох найтаах нь хүүхдэд өөрт нь ямар нэг зовиур, хүндрэл авчирдаггүй. Харин томчууд бид нар үүнийг сонсох дургүй тул заавал ямар нэг уулгах гээд эсвэл өлсөөгүй байхад нь хүчээр хөхүүлэх гээд байдаг нь дэмий юм. Найтаах учир нь насанд хүрсэн биднийх шиг хамранд нь үс байдаггүй тул тоос шороо, хуурай агаараас болоод амархан найтаадаг. Гэхдээ энэ нь амьсгалын зам, хамраа цэвэрлэж байгаа арга нь юм.