Thursday, September 10, 2009

Төрсний дараах үе


Жирэмсэн байх, төрсний дараах үеийн анхаарал халамжийн аль нь илүү чухал вэ гэж хүмүүс надаас асуудаг. Үнэндээ аль нэгийг орхигдуулах нь ээж болон хүүхдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь бий.

Хөгжилтэй орнуудад жирэмсний үеийн үзлэг, эхо, төрөлтөд бэлтгэх хичээл, амьсгалын дасгал, хоол тэжээлиийн зөвөлгөө гэх мэтээр ээжид тавих анхаарал халамж өндөр ч төрсний дараах үеийг зарим нэг талаар орхигдуулдаг тал ажиглагддаг. Харин манайд эсрэгээрээ юм шиг. Төрсний дараа гам барих, 40 хоног усанд орохгүй, хүйтэн усанд гараа дүрж болохгүй гэх түүнчлэн сүүтэй цай хуурай идэх зүйлээр ээжийг маш сайн шахдаг атлаа яг хүүхдээ тээж явах үед нь төдийлөн хангалттай анхаардаггүй нь харагдаж байсан.
Миний хэлэх гээд байгаа гол санаа бол дээрх 2 үеийг салгаж ойлгох аргагүй бөгөөд хэрэв үр хөврөлийн үеийн анхаарал орхигдвол(жирэмсэн үеийн өвчлөл, тамхи татах, төрөл бүрийн эм хэрэглэх, архи дарс уух,) нярай жиндээ хүрэхгүй байх, суурь өвчинд нэрвэгдэх магадлал өндөр гэх мэт...нэг үгээр бол хүүхдийн эрүүл байх эсэх нь шууд хамааралтай.
Үүнтэй адил төрсний дараа ээж биеэн хэрхэн тордож гамнах явдал нь хожмоо эмэгтэйчүүдийн өвчнөөр өвчлөхгүй байх үндсийг тавина.

Канадын эх баригч энэ талаар маш оновчтой хэлсэн байдаг. Төрсний дараа баримтлах дэглэм :

5 хоногт
- ээж хүүхэд 2 хамтдаа аль болох орондоо өдрийг өнгөрөөх
10 хоногт- хүүхдээ авч гадагш гарахгүй байх
14 хоногт
- ээж ямар нэг ажил хийгүй (гэр цэвэрлэх, хоол хийх гэх мэт)
40 хоног
өнгөрсний дараагаар энгийн амьдралын хэвэнд орж болно


Төрсний дараа тохиолдох зарим нэг чухал зүйлсээс:
  • Ангир уураг- Үүнийг хүүхдийн хамгийн анхны вакцин гэж нэрлээд шингэн алттай зүйрлэсэн нь ашиг шим тусыг нь бодитоор үнэлсэн явдал юм. Үнэндээ эрдэмтэн судлаачид одоо хүртэл ангир уургийн агууламжыг бүрэн судлаж амжаагүй бөгөөд наад зах нь 100 гаруй төрлийн Вит, эрдэс давс, шимт бодис байна гэж үздэг Тийм ч учираас зарим нэг. Энэ болгон нь зөвхөн нярайн хэрэгцээнд яг тохирсон хоол юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ сүү орж иртэл(5-6 хоног) гарах өтгөн шардуу өнгөтэй зүйл. Өвчтэй хүмүүс(элэгний) худалдан авч уудаг. Ээжүүдээ зарж болохгүй шүү!!! :)
  • Умайн хэвэндээ орох-Төрөх дөхсөн эхийн сав 40 дахин томорсон байдаг тул дараа нь буцаж хэвэндээ орохын тулд нилээдгүй хугацаа буюу 6 долоо хоног шаардлагатай. Хэдийгээр таны хэвлий мэдэгдэхүйц татарсан ч сав буцаж хэвэндээ орсон гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл энэ үеийг шавхарга гарах үе гэж нэрлэх ба бүтэн 9 сарын турш умайн ханыг бүрхэж байсан зузаан цусан давхарга гадагшилж байна гэж ойлгож болно. Энэ үедээ сайн амарахгүй мөн удаан хугацаагаар зогсвол цус ихээр гардаг нь таныг амрах хэрэгтэйг сануулж байгаа илрэл юм.
  • Хөхүүлэх-Энэ талаар урьд нь хүүхдээ хөхүүлж байсан туршлагатай ээж нараас зөвөлгөө авсан нь дээр. Мэдээж ихэнхдээ бидний ээж нар шүү дээ. Хөхүүлэх бүрий сүүний гарц улам нэмэгдэнэ. Яг л саалийн үнээ шиг. Сүү багатай байна гээд хөхүүлэхээ зогсоовол улам л сүүгүй болно гэсэн үг. Төрсний дараа хурдан амлуулвал сав сайн агшиж цус алдах хүндрэлээс ээжийг хамгаална.
  • Амралт-Төрсөн бүх ээжүүдэд тамир тэнхээгээ нөхөэн авах(дуг хийх, ) зайлшгүй шаардлага бий. Ингэж байж шөнө өдөргүй хөхөх хүүхдийнхээ хэрэгцээнд хүрч халамжалж чадна.
  • Юм угаах-Эхний сард боломжтой бол памперс хэрэглсэн нь дээр. Гэр бүлийн гишүүдийн хувцасыг нөхрөөрөө эсвэл өөр туслах хүсэлтэй хэн нэгнээр угаалгах нь таны хүч чадлыг гамнана.Тэгээд ч аяга таваг угаах гэх мэтийн нэг дор удаан зогсох ажил нь кегелийн булчинг ихээр ядраадаг.
  • Хоол хийх- Өдөртөө нэг удаа ахиу хоол хийчээд үлдсэнийг нь савлан хөргөгчинд хадгалаад оройдоо идэх нь цагийг хэмнэх байх. Юу захих вэ гэсэн хүмүүст гаднаас дуртай хоолоо захиж бас болно. Ер нь бусдын тусламжыг авч сурах хэрэгтэй шүү!!
  • Дэлгүүр явах-Төрхөөсөө өмнө амжиж хэрэгтэй зүйлсээ цуглуулах нь ухаалаг ээжийн арга гэж би боддог. Учир нь төрсний дараа та нэг хэсэгтээ гарах боломжгүй ба нөхөртөө сайн захисан ч таны сэтгэлд нийцэхгүй зүйлийг бариад ирнэ гэж мөрийцсөн ч бэлэн байна. "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж" таньд бодогдож байгаа байх. Миний бодлоор энэ мухар сүсэг үнэндээ хэнд ч хэрэггүй бөгөөд хий дэмий л цагийг гарздана.
Таны ойр дотныхны хэн нэгэн төрсөн байгаад та эргэж очих боллоо гэхэд хэрэгтэй зөвлөмжийг өгөе.

  • Яг юу авах вэ -Ээжийн тухайд гэвэл аль болох чихэр шоколад, боов боорцог биш харин жимс жимсгэнэ, алое жүүс, далайн байцаа, хатаасан жимс, шинэ ногоо, сонирхолтой ном сэтгүүл, шинэ кино гэх мэт зүйлс. Илүү дотно бол очихоосоо өмнө утасдаад юу хэрэгтэй байгааг асууж болно.
-Хүүхдийн тухайд таарсан таараагүй хувцаснаас илүү памперс нь дээр. Залуу эцэг эхийн ажлыг хөнгөвчилнө. Хэрэв тэр айлд өөр том хүүхэд байдаг бол бас тэднийг мартаж болохгүй байх.
  • Яаж туслах вэ - Хэрэв та зочилж очиж байгаа бол нэг их удах хэрэггүй ба заавал хоол цай хийлгэх гэх мэтээр хүндрэхгүй байвал сайн. Дээр дурьдснаар том хүүхэд байгаа бол тэднийг түр салхилуулах, тоглоомын газар тоглуулж болно. Энэ хооронд аав ээж нь жаахан ч гэсэн дуг хийх байх.
- Гэрт нь хөнгөн цэвэрлэгээ(аяга таваг угаах, тоос сорох) хийж өгч болох юм. Энэ бүх тусламжаас татгалзах ээж байхгүй гэдэгт би итгэж байна :)
Ялангуяа төрж үзсэн хүмүүс энэ тал дээр сайн зөвөлгөө өгөх байх. Таньд дээрх сэдэвээр санаа оноо байгаа бол саналаа үлдээгээрэй....